Сошиал гэх бодит нийгмээс тусдаа өрнөх үйл явдал дээр нэмэгдээд улс төрийн зогсолтгүй ажиллагаа амьдралаа яая даа гэж яваа бидэнд ядрах ч сөхөө өгөхөө байв. Ид сайхан амарч байдаг ням гарагт Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүнийг яллахаа зарлаж ажлын эхний өдөр өндөр хэмнэл дор эхэллээ. Тоолбол бараг хэчнээн ч хүн өнөөдөр өөрсдийгөө АТГ-т шалгуулахаар болчхов бүү мэд. Ерөнхий сайдаас эхэлсэн АТГ-ын челленж Боловсролын сайд Л.Энх-Амгалангаар үргэлжилж УИХ-ын гишүүн Б.Ариунзаяа дээр ирсэн. Үүнтэй зөрөөд С.Амарсайхан ШШГЕГ-ын дарга А.Намсамандын өргөдлөөр бас шалгуулахаар болчих шиг боллоо.
Үйл явдлын зангилаа нь маш ойлгомжтой. Бараг гарах үр дүн нь ч тодорхой юм шиг. Г.Занданшатарын заслыг хийдэг удган гэгдэх Б.Булнай гэх эмэгтэй хүчирхийлэлтэй холбоотой хэргийн талаар ярьсан нь С.Амарсайхантай холбогдож мань хүн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг эрхэм хурандаагаа Б.Булнай руу явуулж. Өнөөх нь Б.Булнайг өөрийнх нь ярьсан бичлэгтэй С.Амарсайхан ямар нэгэн холбоогүй гэж бичлэг хийхийг шаардсан юм уу даа. Ингээд эрхэм хурандаагийн удган эмэгтэйтэй уулзаж байгаа бичлэг задарснаар эхлэл нь тавигдсан. Удалгүй Ерөнхий сайд Н.Учрал хэрэг наймаалсан Хууль зүй, дотоод хэргийн сайдаа зүгээр өнгөрүүлэхгүй гэж мэдэгдсэн нь үйл явцыг бүр л тодорхой болгох нь тэр. С.Амарсайхан танхимаасаа хоёр дахь удаагаа хөөгдөх үе иржээ гэдгийг.
С.Амарсайхан яагаад эхний хүн болов...
Өнгөрсөн баасан гарагт “Драма” гэх бичвэртээ С.Амарсайхан засгийн танхимыг орхих эхний хүн болох магадлалтай тухай бичсэн. https://graph.mn/news/6066 (өмнөх бичвэр) Яг тэр зургаар Н.Учрал танхимаа Л.Оюун-Эрдэнийн талын хүмүүсээс цэвэрлэж эхэлж байх шиг байна. Удганы бичлэг, ШШГЕГ-ын даргын мэдэгдэл, Боловсролын сайдын мэдэгдэл гэх мэт зураглалаар улайм цайм С.Амарсайханыг чиглэсэн улс төр тал талаасаа өрнөж эхэлсэн. Хоёр шалтгаан байна С.Амарсайхан эхний хүн болж байгаа нь. Нэгдүгээрт С.Амарсайхан хувиршгүй Л.Оюун-Эрдэнийн талын хүн. Хоёрдугаарт тэр зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх хүнээр нэрлэчихсэн болохоор. Санжийн Баярын номд В.Путин анх удаа ан хийж үзэхдээ нэг гахай руу буудсан чинь цаад талд нь зогсож байсан өөр нэг гахайг нэвт оноод нэг сумаар хоёр гахай унагасан тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид хууч хөөрсөн байдаг. Түүн шиг л Н.Учрал нөгөө талынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ оруулах хүслийг нь засагт байсан нүд, чихтэй нь хамт үгүй хийх улс төр хийж байгаа нь энэ юм. Төлөвлөчихсөн байсан улс төрийг “эксел” задарснаар арай хурдасгачих шиг боллоо. С.Амарсайхан хоёр дахь удаагаа хөөгдөж байсны оронд өөрөө хүсэлтээ өгөөд бууж магадгүй юм.
Л.Оюун-Эрдэнийн их хурал дахь “кноп” цөөрч, хүч нь сулрав...
Н.Учралын Засгийн газар байгуулагдахдаа яалт ч үгүй Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт гар сунгахаас өөр аргагүй байсан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын талд 30 орчим гишүүн зогсож байсан болохоор. Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдсөн бололтой. Д.Амарбаясгалан өөрийн талын хүмүүсээ аваад намаа дагахаа илэрхийлсэн гэв. Ингэхлээр Л.Оюун-Эрдэнэд 10 хол давахгүй “кноп” үлдэж таарна. Шийдвэр гаргалтад нөлөөлөөд байх хүчгүй болсон гэсэн үг. Тийм ч учраас Н.Учрал нөгөө талынхаа сайдад арга хэмжээ авна гэж зоригтой дуугарч байгаа байх. Бүр Л.Энх-Амгаланг нь хүртэл өөрийн талдаа оруулаад нөхөд рүү нь нулимуулж байна. Нэгэнт хүчний тэнцвэрийг өөрийн талд шийдсэн болохоор цэвэрлэгээ хийж эхэлж байгаа нь энэ юм уу даа.
А.Намсамандын намын даалгавар...
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд боломж олдсон дээр нь гэсэн шиг л салбарын сайд С.Амарсайханыг нүүр, нүдгүй нүдэж гарлаа. Хамаарал бүхий компани нь шүүхийн шийдвэрийн 4 сая гаруй ам.долларын өртэй байгаа. Хамаатан саднаа энд тэндхийн агентлагийн даргаар томилуулдаг гээд л. Үнэн бол ийм зүйл яаж байж болох вэ. Үнэнчээр нойр, хоолгүй ажиллаж байгаа төрийн албан хаагч нь ийм зүйл хараад сууж байна гэдэг гутамшиг. Гол нь улс төрийн нөхцөл байдал ингэж эргээгүй бол тэр мэдэгдэл хийгээд сууж байх уу гэдэг бас бодох л зүйл. Гэхдээ л ямартай ч хэлэх гэсэн зүйлээ хэлж аваад айдастай ч юм шиг аятайхан болчихсон ч юм шиг мэдрэмж аваад сууж байгаа байх. Намын сөргөлдөөний нэг дүр болчихсон учраас одоо юм бодоод ч яах билээ дээ. Н.Учралыг урдах улс төрөө даваад гараад ирээсэй гээд л залбираад сууж байхаас өөр яах вэ.
Made in Mongolia...
Жил жилийн төсөв хэлэлцэх үе Засгийн газрын хамгийн эмзэг мөч байдаг. Хуучин цагийн улс төрд боловсруулсан төсвөө батлуулахын тулд гишүүдэд тойрогтоо зарцуулах төсөв нэрийдлээр хахууль өгч байж батлуулдаг байсан бол одоо цагт өөрсдийн амиа төсөвтэйгөө хамт авч гарах хүндхэн улс төрийг туулдаг болсон. Уламжлал болсон муу зүйл монголд улам төгөлдөржинө үү л гэхээс биш эрүүлжиж байгаагүй. Үүнийгээ дагаад жилээс жилд улсын төсөв томорсоор 40 их наяд гарчихсан. 1.4 их наядын төсвийн тодотголоо 43 их наядын зарлагатай төсөвтэйгөө хамт барьж орж ирсэн Н.Учрал тал талаасаа шахуулж байна. Засгийн газрыг унагах Л.Оюун-Эрдэнийн тоглолтод Ардчилсан нам албан ёсоор нэгдчихээгүй ч хоёр талаас хийж байгаа тэдний улс төр Н.Учралыг чиглэх нэг замд огтлолцож таарсан. Ардчилсан нам О.Цогтгэрэлийн бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулахаа больж Н.Учралыг итгэл үзүүлэх хүсэлтээ УИХ-д оруулж ирэх шахааг хийхээр болсноо зарлав. Нам дотроо учраа олох гэж ядах Ерөнхий сайд Ардчилсан намыг бас тойглох хэрэг гарлаа. Гарлаа ч гэж аль ч Засгийн газрын үед сөрөг хүчнээ тойглох асуудал байсан л даа. Энэ удаа ухаан сийлж өөр түвшинд тойглох хэрэг гарч байна. Улс төр нь дэндүү халтар байсан Ардчилсан нам ч ахисан түвшний улс төр хийн нам шиг шийдвэр гаргаж аль ч талыг нь барилгүй Ерөнхий сайд Н.Учралыг ажил даалгасан парламент чинь чамд итгэх нь үү харъя гээд орхих нь тэр. Голыг нь олсон хоржоонтой шийдвэр. Төсөв орж ирэхээр л улс төр буцалдаг үзэгдэл дэлхийн бусад улсад байдаг л байх. Гэхдээ монголынх бол зэрэглэл өндөрт тооцогдоно. Дөрвөн жил суух гэж хэдэн тэрбумаар нь зарцуулсан хүмүүс дөрвөн саяын цалин авч байгаад дөрвөн жилээ өнгөрөөхийг хүсэхгүй нь тодорхой шүү дээ. Тэдний хүслийг хангаад өгчихвөл төсвөө батлуулаад улс төр нь ч намжиж, засаг нь ч бүрэн бүтнээрээ дуусна. Улс төрийн энэ аргыг “Made in Mongolia” буюу монголд үйлдвэрлэв гэж нэрлэж болохоор...
Сэтгэгдэл үлдээх