Тавантолгойн цахилгаан станцыг сэргээгдэхээр барих шийдэл

Г.Энэбиш
2026-09-24

Говийн бүсийн уурхайнуудын өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээг дотоодоос хангахдаа сэргээгдэх эрчим хүчний хувилбарыг сонгосон нь ашиглалтад орох хугацаа, хямд өртөг, байгаль орчинд үзүүлэх нөлөөтэй холбоотой. Эрчим хүчний яам энэ бүсэд 99.5 хувийн найдваржилтай цахилгаан нийлүүлэх сэргээгдэх эх үүсвэр бүхий төсөл хэрэгжүүлэгчийг аукционоор шалгаруулахаар зарласан юм. Тус төслийн ялагчид өнөөдөр тодорлоо. Холбоотой мэдээг энд дарж уншаарай  

Цаг хугацааны тухайд: Говийн бүсэд шаардлагатай эрчим хүчийг дотоодынхоос хангахдаа сэргээгдэх эрчим хүчний станцыг 2–3 жилд ашиглалтад оруулах боломжтой бол нүүрсний станцыг 5–6 жилд барих боломжтой. 2-3 жилийн өмнө ашиглалтад оруулна гэдэг нь цаг хугацааг мөнгөн дүнгээр тооцож үзвэл 300-450 сая долларын импортын эрчим хүчний мөнгөн урсгал дотооддоо үлдэнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслийг санхүүжүүлэх ОУ-ын банк, санхүүгийн байгууллагууд олон бий. Харин дэлхий даяар бүр БНХАУ ч нүүрсэн станцад хөрөнгө оруулахгүй болоод удаж байгаа.

Найдвартай байдал: Зогсох эрхгүй уул уурхайн салбарыг эрчим хүчээр хангахад найдвартай баталгаатай нийлүүлэлтийг чухал юм. Тэгвэл төслийн шаардлагад цахилгааныг 99.5 хувийн найдваржилттай нийлүүлэх нөхцөлийг тавьсан юм.

Өртгийн тухайд: Үнийн хувьд сэргээгдэх эрчим хүчний өртөг 7.9 ам.цент/кВт.цаг, нүүрсний хувилбарт 15–16 ам.цент/кВт.цаг байх нь. Энэ нь өртгийн хувьд 2 дахин хямд гэсэн үг юм. Өртөг буурна гэдэг нь жишээ нь Оюутолгой төслийн Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны зардлыг бууруулахад ач холбогдолтой хэмээн ойлгож болно. Эрчим хүчний яамны мэдээллээр “Оюу толгой” төсөл одоо Өвөр Монголоос жилд 1.6 тэрбум кВт.цаг цахилгаан худалдан авч байна. Сэргээгдэх эх үүсвэрийг хурдан хугацаанд ашиглалтад оруулснаар импортын цахилгаанд төлж буй жилийн 100 тэрбум төгрөг манай улсад үлдэх боломжтой юм. Дам нөлөөгөөрөө дотоодын компани энэхүү төслийг хэрэгжүүлэх нь шинэ ажлын байр нэмэгдэх давуу талтай. Энэ хэмжээний шинэ станцыг Монголчууд өөрсдөө барьсан арвин туршлагатай. Ухаа худаг 19 МВт-ын цахилгаан станц, Тайширын усан цахилгаан станц, Алтай нарны цахилгаан станц зэрэг үндэсний бүтээн байгуулалтыг нэрлэж болно.

Байгаль орчны хувьд: Нар, салхины станц цахилгаан үйлдвэрлэхдээ нүүрс шатаахгүй учраас нүүрсний станцтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал, агаар бохирдуулах утааг бууруулах давуу талтай. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн 2025 оны тайланд нар, хуурай газрын салхины станцууд шинэ цахилгаан үйлдвэрлэх өрсөлдөх чадвартай эх үүсвэр хэвээр байгаа юм. Байгаль орчны талаасаа нүүрсэн бус байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчээр шийдэж, дотоодын нөөцөөр хангаж чадвал дэлхийн зэс үйлдвэрлэлийн салбарт сайн шинэ жишээ болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe