Орны хүн

Б.Энхтулга
2026-10-07

ГБХНХ-ийн сайд Т.Аубакирыг Засгийн газраас чөлөөлөгдөх дараагийн сайд байж болох тухай бичвэрийг өчигдөр (2026.10.07) нийтэлсэн. Үргэлжлэл болгож түүний оронд хэн ирэх талаарх таамгийг дэвшүүлж байна.

Өчигдрийн нийтлэлийг уншиж амжаагүй бол дараах линк дээр даран унших боломжтой

https://graph.mn/news/6276

Орны хүн...

Т.Аубакирын орны хүн бол өмнөх Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайд хийж байсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гэх таамгийг дэвшүүлж байна. Манай улс төрчдөд сайд горьдож явдаг хүн олон бий. Надад тийм бодол байхгүй, би мэдээгүй гэж хэдхэн цагийн өмнө ярьж байсан хүн сайд болчхоод баясаад гүйж байхыг бишгүй л харсан. Тэнд эрх, мэдэл. Тэнд төсөв бий учраас тийшээ тэмүүлэх хүсэл юутай ч зүйрлэшгүй. Засгийн газрын нэг суудал ч санамсаргүй байдлаар онгойдоггүй. Заавал нэг шалтгаан ард нь байдаг. Хуульд бол нас барсан, гэмт хэрэг үйлдсэн гэх мэтчилэн тайлбар байдаг ч ийм шалтгаанаар гарын таван хуруунаас ч цөөн хүн чөлөөлөгдөж байсан. Ихэнхдээ л улс төрийн шалтгаан байдаг болохоор дараагийн хүний нэр ч аль хэдий нь тодорчихсон байдаг нь хоржоонтой. Тийм учраас Т.Аубакир яагаад Засгийн газраас явж магадгүй шалтгааныг мөн өмнөх бичвэртээ дурдсан. Танхим нь унаснаас хойш хэсэг чимээгүй байсан Х.Ганхуяг сүүлийн үед байнгын хороо болон чуулган дээр үе үе чимээ гаргах болсон. Богинохон настай Засгийн газраасаа ч богино хугацаанд сайд хийж үзсэн тэрээр орны хүн болдгоороо гарших нь. Орны хүн нэг бол алдааг засаж чаддаг, засах гэж ирсэн хүн байдаг, нэг бол орны л хүн байдаг. Гарших нь гэдгийг та бүгд ойлгож байгаа байх. Г.Занданшатарын танхимыг Шадар сайд С.Амарсайхан орхисон учир түүний оронд Шадар сайд болон ирж байсан. Хэрвээ энэ удаа Х.Ганхуяг үнэхээр мөн байгаад засгийн бүрэлдэхүүнд багтах юм бол хоёр удаа сайд болохдоо хоёуланд нь хүний оронд орж ирсэн намтартай болох юм. Одоо орж ирэх засаг нь өмнөхөөсөө арай илүү тогтвортой байх магадлалтай л юм даа. Улс төрийн хүрээнд ч түүнийг дараагийн ГБХНХ-ын сайд болно хэмээн яригдаж байна. МАН-ын 38 талдаа ч арай элэгтэй учраас Н.Учрал тодорхойгүй байгаа Т.Аубакирыг чөлөөлж, өөрт элэгтэй Х.Ганхуягийг томилох гэж байж ч магадгүй юм. Т.Аубакирыг бодвол туршлагатай, явахгүй байгаа хуулийн төслүүдийг урагшлуулж мэдэхээр л сонголт. Өнөөдөр дуулсан мэдээллээр Засгийн газраас ганц Т.Аубакир ч биш дахиад хэд хэдэн хүнийг солих тухай яригдаж байгаа гэв. Мэдээж түүний нэг нь Ардчилсан намын хариуцлага тооцохыг шаардаад байгаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут байх магадлалтай. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талаас оруулж ирсэн сайдуудыг цэвэрлэж байгаа үйл явцыг харвал Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин ч байж болохоор. Цаашдын улс төр дахиад л нэг нь явж өөр нэгэн ирсэн үзэгдлийг давтах нь дээ. 

 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe