Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагуудад хэрэг нээжээ

Н.Саруулдөл
2024-08-29

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэс Тавантолгой ХК-аас шахмал түлш үйлдвэрлэдэг Тавантолгой түлш ХХК-д санхүүжилт өгөх шийдвэр гаргасан нь гэмт хэргийн шинжтэй байсан уу гэдэг асуудал яригдсаныг бид мэдээлсэн билээ.

Тэгвэл уг гэмт хэргийн шинж чанартай гээд байгаа асуудлыг Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням дэлгэрэнгүй тайлбарлалаа. 

Тэрээр "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийхэд авлагын дансанд 1.1 их наяд төгрөг бүртгэлтэй байсан. Энэ авлагыг Тавантолгой түлш ХХК-д 15 гэрээг үндэслэн шилжүүлсэн байна. Энэ бол зээл биш, татаас биш, санхүүжилт байсан. Энэхүү санхүүжилтийг Тавантолгой түлш ХХК хэрхэн зарцуулсныг шалгаж үзэхэд,

  • Зориулалтын бусаар зарцуулсан,
  • ТЭЗҮ нь батлагдсанаас өөр арга хэмжээнд зарцуулсан,
  • Удирдах албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу эрх олгосон байх магадлалтай байна. 

Тиймээс дээрхийг үндэслэн Ерөнхий аудитороос Ерөнхий прокурорт гэмт хэргийн шинж чанар байгаа эсэхийг шалгаж өгөх хүсэлт тавьсан. Уг хүсэлтийг Ерөнхий прокурор хянаж үзээд асуудалд хэрэг бүртгэлтийг хэрэг нээсэн гэж хариу өгсөн" хэмээн хариуллаа.

Өөрөөр хэлбэл, Тавантолгой түлш ХХК-д үүссэн гэмт хэргийн чанартай асуудал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бус Тавантолгой түлш ХХК-ийн тухайн үеийн удирдлагуудад хамаарах аж.

Энэ талаар бид Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь үнэн" гэлээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол харьяа шүүх рүү шилжүүлэн шийдүүлнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe