Монгол төрийн сүүлийн гутамшиг байгаасай

Ц.Чимэдцэеэ
2026-03-31

2.3 их наяд төгрөгийн зарлагатай Туулын хурдны зам гэх мега төсөл нийслэлийг хамарсан “мега толгойны өвчин” болов.

Судлаач, мэргэжилтэн, инженер, УИХ-ын гишүүнээс эхлээд иргэд хоорондоо талцан хуваагдаж, НЗД нь өдөөн турхирч, нэг ээжээр нэг эмэгтэйг элэгдүүлж байх зуур нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэгч, иргэдийн төлөөлөгч нь унтаа, хойрго, хорчин болжээ.

Зургаар үзэх бол энд дарна уу.

Халаасны НИТХ

Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Энэ эрхээ төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эдэлнэ хэмээсэн байдаг.

Нийслэлчүүдийн хувьд сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллага нь НИТХ юм. Тэд хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхтэй.

Угтаа Х.Нямбаатар жагсаал зохион байгуулах нь өөрөө хууль зөрчсөн болохыг gogo.mn сайт хөндсөн бол нэгэнт зохион байгуулах үедээ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй хэд хэдэн үйлдэл гаргасныг манай сайт мэдээлээд байгаа билээ.

Хүн ёсноос бодсон ч НЗД нь иргэдийнхээ эсрэг аливаа үйл ажиллагаа зохион байгуулна гэдэг байж боломгүй.

Гэтэл НИТХ-ын 45 төлөөлөгчдөөс Ж.Энхжаргалан, З.Төмөртөмөө, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн  тэргүүтэн дээрх  жагсаалд нэгдсэн. Үүгээр зогсохгүй дээрх зохион байгуулалтыг хангах вайбер бүлэг нь хүртэл “Тэргүүлэгчдийн” гэх тодотголтой.

Төлөөллийн байгууллага болох НИТХ гүйцэтгэх засаглал болох НЗД-ын үйл ажиллагааг хянах бус, гар хөлийн үзүүрт нь зарагдаж байна.

Энэ нөхцөл байдал нь төлөөллийн байгууллагын хараат бус байдал алдагдаж, эрх мэдлийн хуваарилалт гажсан тодорхой жишээ боллоо.

Бид өмнө нь мөн дээрх асуудал үүсэх бодит эрсдэл байгааг “НИТХ-ын 45 төлөөлөгчийн 27 нь Х.Нямбаатарын халаасанд байна” нийтлэлээрээ хөндөж байсан билээ.

Чадамжаас нь ахадсан суудал

УИХ-ын гишүүн асан, ИОН намын дарга Ц.Оюунгэрэл энэ асуудалд байр сууриа илэрхийлэхдээ төлөөлөгчдийн ажил хэрэгч байдал, хэлэлцүүлгийн соёлд шүүмжлэлтэй хандсан байна.

“Жагсаж цуглаж эрх мэдэлд очсон нөхдөд эсрэг тэсрэг байр суурьтай хүмүүстэй нэг өрөөнд сууж, баримт бичигтэй танилцаж, хууль зөрчихгүйгээр шийдвэр гаргах ажил ахаддаг бололтой...” хэмээн бичжээ.

Түүний онцолсноор төрийн албан тушаалтнууд бодлогын хэлэлцүүлэг, шийдвэр гаргах институтийн процессоос илүү популист хэлбэрийн үйл ажиллагаанд оролцох нь нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргатай холбоотойгоор “Уулзах гэхээр олддоггүй, албан бичигт хариу өгдөггүй даргыг гудамжинд жагсаал дээрээс амархан олж байна” хэмээн шүүмжилсэн нь төрийн албаны хариуцлага, ил тод байдалд эргэлзээ үүсгэж буйг харуулж байна.

Анхны бөгөөд сүүлийн “гутамшигтай” НИТХ, НЗД

Туулын хурдны замын төсөл нь зөвхөн зам барилгын асуудал биш бөгөөд дараах томоохон асуултуудыг дагуулж байна. Үүнд:

  • 2.3 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр, үр ашиг
  • Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл (Туул голын сав газар)
  • Хот төлөвлөлтийн урт хугацааны бодлоготой нийцэж буй эсэх
  • Олон нийтийн оролцоо, санал авах процесс хангалттай эсэх

Эдгээр асуудалд хариу өгөхгүйгээр төслийг урагшлуулах нь нийгмийн үл ойлголцол, эсэргүүцлийг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэйн дээр Хотын даргын өчигдрийн мэт үйлдэл илүү хувийн ашиг сонирхол, авлигын шинжтэй эсэхэд улам эргэлзээ үүсгэж байгаа юм.

Туулын хурдны замын төсөл нь Улаанбаатар хотын хөгжлийн нэг чухал шийдэл байж болох ч хэрэгжилтийн явц дахь ил тод байдал, иргэдийн оролцоо, төлөөллийн байгууллагын хяналт зэрэг ардчиллын суурь зарчмууд хангагдаагүйгээс “мега төсөл” бус “мега маргаан” болон хувирав.

Монгол төрийн түүхэнд “анхны” бөгөөд сүүлийн гутамшигтай үйл явдал болж үлдээсэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe