Улсын төсвөөс урьтаж батлагдсан нийслэлийн төсвийн эргэн тойронд-1

Ж.Номин
2024-12-05

Засгийн газраас дахин боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д хараахан өргөн бариагүй байхад буюу 12 сарын 4-ний 11:30 цагт НИТХ хуралдаж, “Нийслэлийн 2025 оны төсвийн төсөл”-ийг баталчхав. НИТХ-ын албан ёсны хуудсаар хуралдааны шууд дамжуулалтыг гаргаагүй буюу чимээгүйхэн баталчихсан. Түүнчлэн “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах”, “Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн батлав

Нийслэлийн төсвийг хаалттай хэлэлцсэн шалтгааныг албаныхан тайлбарлахдаа танхимд тог цахилгааны асуудал үүссэн учраас шууд дамжуулалт хийх боломжгүй байсан гэв. 

Харин Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл эцэслэн батлагдаагүй байхад нийслэлийн төсвийг ийн яаравчлан баталсан нь бас учир жанцантай аж. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн дагуу НИТХ арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө батлах ёстой.

Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Засаг захиргаа, нэгжийн тухай хуульд хугацаандаа төсвөө баталж чадаагүй аймаг, нийслэлийн ИТХ тарна гэсэн заалттай. Тийм учраас бид улсын төсвийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор хэлэлцэж батлаад, аймаг, орон нутгууд төсвөө оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлах боломжтой гэж харж байгаа” гэж байв. 

Арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлах боломжтой гэж байгаа ч хуулийн хэрэгжилт тийм хурдан эхлэхгүй. 

Тиймээс одоо мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд НИТХ хуралдаж төсвөө баталжээ. 

Харин Улсын төсөв албан ёсоор батлагдаж, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой аж.

Төсөвт хог хаягдлын үйлчилгээний хураамжийг бүх дүүргүүдэд шинэчилсэн тарифаар тооцоолж, энэ төрлийн татварын орлогыг 32.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. 

Ингэснээр 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 8.7 тэрбум төгрөгөөр буюу 37.2 хувиар өсөх аж. 

Өөрөөр хэлбэл, 1 тонн энгийн хог хаягдлыг булшлах зардлын тариф 4350 төгрөг байсан бол шинэчлэн баталсан тогтоолоор 1 тонн энгийн хог хаягдлыг 6364 төгрөгөөр булшлах аж. Ийн өөрчлөлт оруулсан үндэслэл нь төвлөрсөн хогийн цэгүүдэд ирж буй хог хаягдлын хэмжээ жил бүр өсөж, ажилчдын ачаалал нэмэгдэж байгаа ч цалин хөлсийг нь хангалттай нэмэх санхүүгийн эх үүсвэргүй байгаатай холбоотой аж. Мөн одоо ашиглаж буй машин механизмын сервис үйлчилгээг хийхэд санхүүгийн хүндрэл гарсан байна. 

Тэгэхээр 2025 онд нийт 1.8 сая тонн хог хаягдал хүлээн авч булшлахаар тооцсон бөгөөд үүний 350 мянган тонн хог хаягдлын төлбөр болох 2.9  тэрбум төгрөгийг иргэн аж ахуйн нэгжээс төвлөрүүлэн, үлдэгдэл 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс авахаар тооцжээ.

Дээрх мэдээтэй холбоотой буюу нийслэлийн 2025 оны төсөвт тусгагдсан онцлох арга хэмжээнүүд, аудитын дүгнэлт, тээврийн хэрэгслийн татвар болон авто зам ашигласны төлбөрийн нэмэлт өөрчлөлтийн талаар уншаарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe