Нэг. Монгол Улсын Их Хурал
Монгол Улсын Их Хурал анх удаа 126 гишүүнээс бүрдэж, намрын чуулганаар анхны төсвийн төслөө хэлэлцэн баталсан.
Тэд анхдугаар хуралдаандаа л 75 гишүүний ирцтэй, төхөөрөмж нь гацаж, 24 цаг хуралдаж, мордохын хазгайтай эхэлсэн.
Тэгвэл аравдугаар сарын 1-нд эхэлсэн намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, холбогдох хуулиудыг багагүй “драмтай” хэлэлцэж, энэ сарын 8-нд баталсан.
Батлахтайгаа зэрэг тодотгол хийх чиглэл Засгийн газарт өгсөн нь ч парламент алдаатай гэдгийг нь мэдсээр байж баталсан хуулиа араас нь зас гээд санаачлагчид нь үүрэгдсэн гажуу буруу жишиг болж байв.
Ийнхүү тэд дараагийн шалгууртаа мөн л унаж, төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа.
Хоёр. Засгийн газар
Төсөв хэлэлцэх үеэр Засгийн газар чуулганы нэгдсэн хуралдаанд тун идэвхгүй оролцож, нийт дөрвөн удаагийн төсөв хэлэлцэх хуралдааны хамгийн чухал буюу эхний болон хоёрдугаар хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдийн асуултад хариулах хүн олдоогүй тухай мэдээлж байсан.
Засгийн газрыг төлөөлж байсан “гол хүн” Сангийн сайд Б.Жавхлан л өргөн барьсан төсвөө улаан нүүрээрээ хамгаалж, гишүүдийг “сайн ойлгоогүй байна, дахиад унш” гэх мэтээр загнах хандлагатай байсан юм.
Тэдний төсөвт тусгасан арга хэмжээнээс хамгийн их олны шүүмжлэл дагуулсан нь 18.3 тэрбумаар 16-18 насныханд соёлын ваучер тараах байлаа. Уг зардлыг хасах саналыг ч мөн Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нар зүтгүүлсээр унагаж байв.
Тэгвэл “өчигдөрхөн” загнаж байсан сайд өнөөдөр тус арга хэмжээг хасаж болох тухайгаа илэрхийллээ. Сангийн сайд Ерөнхийлөгчид л “дарагдах” байжээ.
Гурав. Тэмцэл
Төсвийн зардлаас 3.2 их наядыг танаж болох тухай хэсэг УИХ-ын гишүүд санаачилж, Засгийн газар төслөө буцаан татах тухай хүсэлт гаргаж, иргэд мөн саналаа өгөөд байсан юм. Засгийн газар хариу өгөхөөс өмнө УИХ яаравчлан төсвөө баталсан. Эцэст нь ийнхүү хоригт орлоо.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал ч өнөөгийн нөхцөлөөс харахад авахаас өөр аргагүй гэж хэлж болно.
Сангийн сайдын зүгээс 2.1-2.2 их наядыг танах боломжтой гэдгээ мөн илэрхийлсэн.
Ямартай ч эдгээр нюансаас бид төсвийн зардлыг нэмж, “улайран” баталсан ашиг сонирхлыг аль ч өнцгөөс зөвтгөх боломжгүй байсныг харж байна. Мөн нийт ард түмний төлөөлөгчид анхны шалгалтдаа унаж, муу дүгнүүлж байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл үлдээх
126 болсны хэрэг гарлаа шүү. Наа тэнэг тунел нтрээ хас
Хуягаа
Дэмжих үү?
0 0